Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

Барилгын ажлыг зогсоовол, эдийн засаг “мөлхөнө” хотын дарга аа

Нийслэл хотод шинээр барилга барихыг зогсоох захирамж гаргах юм гэнэ. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэх хүртэл хотод барилга, байгууламж шинээр барихыг зогсоох захирамж гаргана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын дүрэм, стандарт,  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ийн шийдвэрлэж байна” гэж хотын дарга Д.Сумъяабазар баасан гарагт мэдэгдэв.

Энэхүү гэнэтийн шийдвэртэй зэрэгцэн цахим орчинд олон хүн сөрөг сэтгэгдэл бичиж харагдлаа. Арга ч үгүй биз. Барилгын ажлыг зогсоосноор хэчнээн аж ахуй нэгж, хувь хүн, хөдөлмөр эрхлэгч хохирч байгааг бодож үзэх хэрэгтэй билээ. Барилгын салбарт 80 мянган хүн ажилладаг. Олон мянган хүнийг ажлын байраар  хангаж, ажил амьдралыг нь залгуулдаг салбар. Намар арваннэгдүгээр сараас барилгын ажил зогсож, дөрөвдүгээр сараас ажил нь эхэлдэг. “Үүлэн чөлөөний нар шиг” богино хугацаанд ажил өрнөдөг, төвөгтэй салбар. Үндсэндээ хагас жилийн хугацаанд барилгын салбарын ажил ид үргэлжилдэг. Энэ  үед нь барилгын ажлыг зогсоосон нь байгаа оноогүй шийдвэр биш гэж үү. Тэр тусмаа энэ жил барилгачид зургадугаар сар хүртэл хөл хоригдож, саяхнаас л үйл ажиллагаа нь жигдэрсэн.

Барилгын салбар бол том эдийн засаг эргэлддэг стратегийн салбар. Эдийн засгаа аварч үлдэе гэвэл, барилгын салбарын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй билээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гурван их наядыг нь барилгын салбарын хөрөнгө оруулалтад зарцуулж буй. Санхүүжилт нь шийдэгдэж барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх нь үү гэтэл, гэнэт зогсоох шийдвэр гаргаж буй нь ямар учиртай вэ.

Барилгын ажлыг зогсоох энэхүү гэнэтийн шийдвэр нь “хот ямар ч стандартгүй, дүрэмгүй, төлөвлөлтгүй явж ирсэн” гэх үндэслэл аж. Үнэхээр хууль дүрэм зөрчиж буй хэнэггүй нэгэнд нь төр төмөр нүүрээ харуулж, хариуцлагатай ажиллаж буй дийлэнх олонход нь мэргэжлийн хяналтын байгууллага стандартаа мөрдүүлж зохих ёсны шаардлагыг нь тавьж ажиллуулах хэрэгтэй билээ. Түүнээс нийтээр нь барилгын ажил эхлүүлэхийг хориглож буй нь барилгачдынхаа бизнес, ажил амьдралаар “тоглосон” хэрэг болно. Барилгын ажлыг зогсоовол олон мянган барилга, орон сууцны төсөл гацаанд орох билээ.  Цемент, хайрга, хаалга, цонхны дотоодын үйлдвэрүүдэд хорлонтой шийдвэр болох юм. Барилгын ажлыг зогсоовол, эдийн засаг “мөлхөнө” хотын дарга аа.

 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа