Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

Ерөнхийлөгчийн цагаан сонгууль хэнд хэрэгтэй вэ?

Цар тахлын нэн хүнд үед монголчууд бид гүрийж байгаад төрийн тэргүүнээ тодруулж чадлаа. Тодрох нь хэдийн ойлгомжтой байсан хүнийг сонгох ажлыг аль болох сурталчилгаа багатай цахимаар явуулж болох ч эрх баригчид уламжлалт аргаар олон тэрбумыг зарцуулж ёс жаягийн дагуу гүйцэтгэлээ. Уул нь одоо мөрдөгдөж байгаа бэлэн байдлын төвшинд хурал цуглаан байтугай сүм хийдэд цуварч ороод суваргадаа мөргөх ч хориотой гэх энэ үед тэд гүрийж чадлаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж сурталчилгаа хийсэн гэх боловч сонгуулийн өмнөх үетэй харьцуулахад шинээр өвчлөгчдийн тоог 3-4 дахин, бурхан бологсдын тоог хоёр дахин өслөө. Уул нь улсын Ерөнхийлөгч гэдэг хүн өрхийн тэргүүнтэй их адил үүрэг хариуцлага хүлээж ижил хүндлэгдэх хүмүүс. Өрхийн тэргүүний үгийг үл тоон олсон хэдийгээ үр хүүхдүүд нь дур дураараа зарцуулдаг,  өр зээл тавьдаг олон эрх мэдэлтэнтэй айлын амьдрал ямар байх нь ойлгомжтой. Манай ерөнхийлөгчийн хувьд хүчтэй эрх мэдэл бүхий хоёр хөрштэйгөө харьцуулахад бараг л бэлгэдлийн гэмээр хүн. Ерөнхийлөгч маань наадам нээж хаахад хэрэг болно, гавьяа шагнал одон медаль гардуулах эрхтэй, шүүх засаглахад нөлөөлнө, гэмт хэрэгтэнд ял завшуулж чадна, УИХ-ын шийдвэрт хориг тавих боловч гишүүд хоригийг хэлэлцэж байгаа дүр эсгэдэг.

Халаагаа өгөх нь нэгэнт тодорхой болсон Х.Баттулга ерөнхийлөгч маань өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хэлэх юмгүй сайн ажилласан. Ардын болон гавьяат цолтнуудыг тоолохын аргагүй олноор нь төрүүллээ. Одон медалиа сэтгэл харамгүй өглөө. Урьд нь дүүргийн дарга нар олгодог эхийн алдар одонг ч өөрийн биеэр бөөнд нь гардуулж өвчин тараахад ч хувь нэмрээ орууллаа. Урьд нь бараг мартагдаад байсан уйгаржин монгол бичгээ үндэсний дээл хувцастайгаа зааж монголчууд биднийгээ “хос бичигтэн’ болголоо. Өр зээл тавьдаг хүмүүст ээлтэй хайртай хүн гэдгээ нотоллоо. Тэр ч байтугай хоёр хоногийн зайтай хориод генерал төрүүлж түүхэн гэмээр амжилтын эзэн болов.

Би 1979 онд 20 насныхаа босгон дээр Хилийн цэргийн оффицерийн мөрдөс зүүсэн ховор азтай хүн. Тэр үед цэргийн дээд цол Генералын мөрдөстэй хүн гарын 10 хуруунд багтаж байсан. Шинээр генерал төрдөг 5-10 жилийн давтамж  Ерөнхийлөгчдийн буянаар алдагдаж хугацаа нь богиноссоноор барахгүй сүүлдээ бөөнддөг цол болж цэргийн биднийгээ гайхшрууллаа. Тухайн үед миний алба хааж байсан тусгай хорооны офицерууд цагаан хуарангаас өглөө бүр нэг хурандаа ажилдаа явган явах юм гэж сонин болгож ярьдаг байлаа. Генерал битгий хэл Хурандаа цол тийм эрхэм хүндтэй хариуцлагатай байжээ. Харин одоо энэ цолоор авгай хүүхнүүд ч гангарч байна. Энэ улсад офицер хүний сарын цалингийн 60-70 хувийг цолны мөнгө эзэлдэг. Үүнийгээ дагаад цэргийн цолны нэр хүнд өндөр байдаг юм. Харин одоо сонгуульдаа орьё. Жил бүр ирэх сонгогчдын оролцоо идэвх буурч “цагаан сонгууль” өгөгчдийн тоо 71000-ийг давлаа. Энэ бол муу мэдээ биш эрх баригчид сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулсны хүчинд дахин мөнгө төлөх аюулаас татвар төлөгчдөө аварч Ерөнхийлөгчөө сонголоо. Ерөнхийлөгчийн засаглалын давуу тал нь улс төрийн намуудын тоог цөөлж намдаа хайр зарлагсдын идэвхийг бууруулахаас гадна хамгийн чухал нь байгалийн баялаг болон татвар төлөгчдийн мөнгийг ард түмэн бус эрх барьж байгаа намууд ээлжлэн хүртдэг гаж тогтолцоонд цэг тавьж чадна. Бидний сонгосон төрийн тогтолцоо ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгаагийн хамгийн ойрын хоёрхон жишээг хэлье.

1-    Монгол улсын мал сүргийн тоо идэх амныхаа тоотой харьцуулахад даруй 20 дахин их байхад яагаад бид нэг кг махыг амьжиргааны түвшингөөрөө тэргүүлэгч АНУ-д худалддаг үнээс өндөр үнээр авч идэх ёстой гэж вэ.  

2-    Нүүрс, алт, зэс гээд байгалийн баялгаараа тэргүүлэгч орны хувьд нэг хүнд ногдох өрхийн орлогын хэмжээгээрээ хамгийн мууд тооцогдож байна. Энэ бол Монгол төрийн буруу гэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл ард түмний маань хөлсөө дуслуулж олсон мөнгөө хадгалдаг, “үүрч яваа шуудай” маань албан ёсны гэмээр 76 тооны нүхтэйгээс гадна тэднийг төрийн түшээ болоход нь сэтгэл санаа эд материалаар дэмжсэн цүнх баригчдын нүхний тоог нэмбэл энэ шуудайд юу ч хийгээд нэмэргүй хэзээ ч дүүрэхгүй нь ойлгомжтой байна. Төрд хяналт бий болгох, хүсээгүй хүнээ сонгохгүй цагаан сонгууль өгөх нь улс төрчдөд өгч буй сануулга юм. Бид цаашид намуудаас сонгогдсон билэгдлийн төдий ерөнхийлөгч нарт найдаад хэрэггүй тэд эсрэгээрээ “нүхний тоог” нэмэх аюултай.

Эцэст нь хэлэхэд хэнийг ч дэмжээгүй цагаан сонгууль өгөгсдөд талархъя. Цагаан сонгууль өгөгсдийн тоо улам олон болох болтугай”

Ахмад хилчин, бэлтгэл офицер Ш.Баярсайхан


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа