Валютын ханш :

2021 оны 6 сарын 13, 0, Ням гараг

С.Эрдэнийг МАН захиалсан бол У.Хүрэлсүхийг хэн захиалж байгаа вэ?

Хэнд мөнгө байна, түүнд эрх мэдэл байна.

Өвөг дээдсийн маань үлдээсэн Монгол Улсын газрын хөрсөнд байгаа асар их баялгийг ашиглаж эхэлснээс хойш бидний өмнө сонсож байгаагүй авлига, хээл хахуулийн хэрэг цэцэглэж, шударга бусаар түрүүлж хүртсэн монгол тэрбумтнууд, оффшорчид төрөн гарсаар байна. Дотоодын луйварчдаас илүү ихийг хяналтгүйгээр дээрэмдэж байгаа нэг том хүчин бол бидний баялагт эзэн суусан гадны капиталист луйварчид юм. Тэд монголын увайгүй улстөрчдийн “буянаар” биднийг далдаас удирдаж байна. 

Оюутолгойгоос аль хэдийн гарсан, гарсаар байгаа, цаашид гарах олон зуун тэрбум долларын баялгийг эзэмших, олборлох, захиран зарцуулах эрхийг хяналтгүй эдэлж байгаа гадны компани Монгол Улсын дотоод сонгуульд улам их анхаарал хандуулж, сонгуулийн үр дүнг өөрт ашигтайгаар эргүүлэхийг санаархаж байна. Анх 2003 оноос хээл хахууль өгч лиценз авсан тэд манай увайгүй улстөрчидтэй салахын аргагүй холбогдон, далд бүлэглэл үүсгэсэн байдаг. Энэхүү бүлэглэл буюу мафи нь монголчуудын баялагт эзэн суусан гадны эздээсээ санхүүжин, улмаар улстөрийн намаар дамжин монголчуудын хувь заяагаар тоглосоор ирлээ. Энэ тоглоом сонгуулиас сонгуульд улам бохир болж байна. Оюутолгойг гадны луйварчдад хяналгүйгээр бэлэглээгүй бол ийм байдал үүсэхгүй байх байлаа.

Монгол улсын Засгийн газар, сайд, дарга нар тэр компанийн өмнө хэн ч биш болсон байгааг бид олон удаа сонслоо. Харин одоо тэд Монгол улсын Ерөнхийлөгчийг захиалж байна. Ингэх нь хяналтгүй их эрх мэдлийг эдэлж буй тэдэнд амин чухал асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

Түүх сөхвөл, 2003 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Лондонд гадны этгээдийн хувийн урилгаар очиж, Оюутолгойн лицензийн талаар хуйвалдаан хийсэн. 2007 онд МАН-ын даргын суудлыг хуйвалдаанаар авсан С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж тэргүүтэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнээс хойш МАНАН-гийн стандарт бус Засгийн газар гээчийг байгуулсан. Тэд засгийн эрхийг аваад Р.Фридландын хувийн шаардлагаар өсөн нэмэгдэх роялти буюу гэнэтийн ашгийн татварын хуулийг байхгүй болгож, орлогын албан татвар, ус, замын тухай зэрэг нийт 4 хуульд өөрчлөлт оруулан Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулах нөхцөлийг хангаснаар Монгол улсад хэдэн авран тэрбум долларын хохирол учруулжээ. Гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд болсон Сү.Батболд 2010 оны 3 дугаар сарын 31-ний дотор мөнхүү Засгийн газраас 14 ажил гүйцэтгэж өгснөөр Рио Тинто ба Р.Фридланд нарын хооронд Монголын Оюутолгойг наймаалцах наймаа явагдаж, хорт Боб хочит Р.Фридланд хувьдаа 2 тэрбум долларын ашиг олсон юм. Харин Рио Тинто монголчуудын асар их баялагийг эзэмшиж, хяналтгүйгээр захиран зарцуулах болсон. Үүнээс хойш дээрх гадны луйварчид монголчуудтай хэрхэн харилцах арга замаа нээж, хээл хахууль өгч өөрийн тэжээвэр нохой мэт гар хөлтэй болж авчээ. Тэд гаргасан бүх зардлаа аль хэдийнэ хэдэн зуу нугалаад буцааж авсан нь тооцоогоор тодорхой байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын баялгаар цөөн хэдэн хүнийг хахуульдан гар хөлөө болгож, цаашлаад төрийн эрх мэдлийг хэнээс хэнд шилжүүлэхийг шийдэн ороцсоноор олон сонгууль өнгөрч байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг хүртэл өөрсдийн тоглоомдоо оруулж чадсан.

2010-2015 онд болж өнгөрсөн Жастин Каплагийн хэрэг анх хээл хахуулиар эхлээд татварын маргаан болж хувиран, гадны 3 хүн ял авсан ч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронд суулгүй нутаг буцсаныг санах хэрэгтэй. Жастин Капла тэргүүтнүүд бүгд Рио Тинтогийн ажиллагсад байсан юм.

Гадны этгээдүүд төрийн дээд албан тушаалуудаас гадна Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, ЗГХЭГ зэрэг чухал албан тушаалтнуудыг захиалсаар ирсэн юм. Анх Бороо Гоулдын 50 тонн алтыг зуучилж, Монгол улсыг хохироосон Сү.Батболд гэгч этгээд Гадаад хэргийн дэд сайдаас Ерөнхий сайд хүртэл олон удаа сайд дарга хийхдээ дээрх Р.Фридландын ашиг олсон гүйлгээ бүрийн дараа гадаадын хэд хэдэн улсад үл хөдлөх хөрөнгө, оффшор дансандаа мөнгө авч байсан нь олон улсын шүүхүүд дээр ил болсон нь “мөсөн уулын зөвхөн орой” гэж хэлж болно. Ийнхүү ил болсноос хойш дээр дурдсан бүлэглэл тэр чигтээ сандралд орж байгаа, мэдээж Рио Тинто болон Р.Фридланд хахуулийн хэргийг нам дарах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой.

  Ард түмнээс сонгогдсон УИХ-ын шударга гишүүдийн зүгээс бүлэглэл болон Рио Тинтог хэд хэдэн удаа сандаргасан ч тухай бүр нь гал унтраах маягаар аргалсаар, сонгуулиас сонгуульд өөрсдийн гар хөлөөр монголчуудын тэмцлийг саармагжуулсаар өнөөгийн Ерөнхийлөгчийн сонгуульд тулж ирлээ. Тэд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх рүү тэдний хяналтгүй эзэмшиж буй монголчуудын баялгийн мөнгийг цутгаж байгаа нь сүүлийн хоёрхон сарын үйл явц нотлоод өглөө. Гадны хэвлэл мэдээллийн чихэнд хүртэл энэ чимээ хүрчээ. Улстөрийн намуудаас олон залуучуудыг Харвард мэт сургуульд бодлогоор явуулж, бүлэглэлийн дараагийн үеийг нэгэнт бэлтгэсэн ба тэд орсон Засгийн газар, ажлын хэсэгтээ 2019 оноос хойш үндсэндээ хоёр жил цаг нөхцөөж байна.

  АН-ын “тамганы маргаан” бол тус намын ч бус, монголчуудын доторх ч биш, бидний баялгийг хяналтгүй эзэмшиж буй “бидний далд эзэд”-ийн захиалга юм. Бидний баялагт эзэн суусан тэдэнд мөнгө байна, эрх мэдэл байна. Өөрсдөд нь хэрэгтэй МАН-ын нэр дэвшигчийг сонгуулахын тулд АН-ыг үймүүлэх, нэр дэвшигч захиалах үйлдлээ зогсоохгүй байсан нь ойлгомжтой. Оюутолгойн хэдэн зуун тэрбум долларын баялгийг монголчууддаа ашигтай байлгахын төлөө ганц тэмцэгчийг нэр дэвшихээс айхдаа хэдхэн сарын өмнө хонь чоно явсан намыг хүртэл булшлаад өөртөө шингээж чадаж байхад ганц намыг дотор нь самрах шиг амархан зүйл тэдэнд үгүй. Үүний цаана өнөөх л баялгийн мөнгө бий. Хууль бус,  хүч түрсэн бүх ажлыг МАН-ын даалгавраар ажилладаг төрийн жижиг, дунд албан тушаалтнуудын гараар могой бариулах замаар гүйцэлдүүлж байна.

  Дахин хэлье. Бид өөр хоорондоо биш монголчуудын баялагт хэмжээлшгүй эзэн суух эрх нэгэнт олж авсан гадныхны цаашдын хүслийг гүйцэлдүүлэх бусармаг үйлдлээс болж тэмцэлдээд байна. Монголчууд бидэнд хорт Боб болон Рио Тинтогийн захиалсан МАН-ын нэр дэвшигчээс өөр Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Үүнийг Монгол хүн бүр ойлгох хэрэгтэй, намын гишүүд нь ч нам гэж туйлшралгүй үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй, энэ бол бидний үр хүүхдийн ирээдүй юм шүү!!!




1 сэтгэгдэл

  • Сү туучий захиалсан

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа