Валютын ханш :

2021 оны 5 сарын 13, 4, Пүрэв гараг

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, ирэх сарын 2-нд дуусна. Намаас нэр дэвшигчид тодроход 10 хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч улс төрийн хоёр гол хүчний нэг АН дотооддоо зөрчилдөөнтэй хэвээр байгаа юм. Тодруулбал, АН О.Цогтгэрэл, М.Тулга гэсэн хоёр даргатай болсон. Улсын Дээд шүүх энэ хоёрын аль нэгийг АН-ын даргаар бүртгэж таарна. Хэн ч намын дарга болсон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байна. АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй бол, шинэ хүний эрэлд гарах юм. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр  Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Д.Ганбат, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын хувьд олон жилийн өмнөөс Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй ч намаасаа мандат авч чаддаггүй. Залуучууддаа зай тавьж өгдөггүй гэдэг дүгнэлт тэдэнд мөн хаяаглагдана. Тийм учраас намаасаа дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй байна. Н.Алтанхуягийн хувьд, намаасаа гарч УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон. АН түүнд боломж олговол МАН-аас нэр дэвших У.Хүрэлсүхтэй хүчтэй өрсөлдөж болох кандидат. 

Ц.Оюунгэрэлийн хувьд аль эрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Гэвч түүний нөхөр АНУ-ын иргэн гэдэг нь том “саад” болж буй. Энэ нь сөрөг хүчнээс ирэх хамгийн том дайралт болно. Тиймээс АН нэр дэвшүүлэхгүй болов уу. УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нэр саяхнаас яригдаж байна. Гэхдээ түүний нөхөр Г.Өлзийбүрэн нь “Ариг” банкийг дээрэмдсэн гэх хэрэгт нэр холбогдсон. Нөгөөтэйгүүр Г.Өлзийбүрэн нь МАН-ын гишүүн. Ийм учраас С.Одонтуяа нөхрөөсөө болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй бололтой. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын нэр ч яригдаж байна. Нам нь хоёр хуваагдсан ч бүлгээ задлаагүй авч үлдсэн гэдэг утгаараа намын гишүүдээсээ үнэлгээ авч буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч дэмжлэг авах боломжтой. УИХ-д хоёр удаа сонгогдсон туршлагатай гишүүдийн нэг юм. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хувьд энэ жил 50 нас хүрсэн. Хуулиараа нэр дэвших эрх нь нээлттэй ч намын гишүүдийн олонх дэмжих эсэх нь юу бол. АН-аас хэн нэр дэвших нь ихээхэн анхаарал татаж буй юм. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа