Валютын ханш :

2021 оны 9 сарын 28, 2, Мягмар гараг

Хотын дарга аа барилгын сезон ирлээ, ажлыг нь эхлүүлье

Засгийн газраас энэ сарын 10-ны өдрийн 06:00 цагаас ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон билээ. Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоогоор агаар салхинд гарах нь нээлттэй байхаар зохицуулсан.

Хаврын урин дулаан орж, газар тариалангийн гол үе ирсэн учраас тариалан эрхлэх ажлыг ийнхүү хэвийн явуулахаар Засгийн газар шийдлээ. Газар тариалангийн салбартай адилхан барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил ч гуравдугаар сараас эхэлдэг. Гэвч барилгын салбарын ажлыг Улаанбаатар хотод эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэнд олон хүн бухимдалтай байгаа ажээ.

Намар арваннэгдүгээр сараас барилгын ажил зогсож, гуравдугаар сарын сүүлчээс ажил нь эхэлдэг. Дулааны улиралд, хагас жилийн хугацаанд барилгын салбарын ажил ид өрнөдөг. Энэ  үед нь барилгын ажлыг зогсоосон нь байгаа оноогүй шийдвэр байлаа. Барилга, бүтээн байгуулалтын ажил нь ихэвчлэн задгай талбайд, гадаа өрнөдөг учраас ковид цар тахлын халдвар тархах, вакум орчин бий болгодоггүйгээр давуу талтай. Тэр тусмаа гадна фасад, барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй билээ. Нөгөөтэйгүүр барилга угсралтын ажилд олон хүн гар бие оролцохоос илүүтэй, автомашин, техник, тоног төхөөрөмжийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хийж болдог. Хамгийн гол нь хаврын энэ өдрүүдэд барилгачид шаваа тавьж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлдэг гол үе гэдгийг санах ёстой. Энэ үүднээс нь харвал барилгын салбарын ажлыг эхлүүлэх нэн шаардлагатай билээ.

Барилгын салбарт 80 мянган хүн ажилладаг. Олон мянган хүнийг ажлын байраар  хангаж, ажил амьдралыг нь залгуулдаг. Том эдийн засаг эргэлддэг стратегийн салбар. Эдийн засгаа аварч үлдэе гэвэл, барилгын салбарын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

Нийслэлийн Монгол Ардын нам орон нутгийн сонгуулиар 150 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ ажлаа 2020 - 2024 онд хэрэгжүүлж дуусах ёстой. Нийслэлийн МАН мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлаа онцгой дэмжих ёстойг Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, ноён Д.Сумъяабазар мэдэж буй биз ээ. Тиймээс эрхэм хотын дарга аа барилгын салбарын сезон ирчихлээ. Ажлыг нь эхлүүлье. Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил нь цар тахлын халдварын эрсдэл бага гэдгийг анхаарч ойлгоё. Ядаж барилга угсралт, гадна фасадны ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгоё, Д.Сумъяабазар дарга аа.

 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа