Валютын ханш :

2021 оны 4 сарын 21, 3, Лхагва гараг

Б.Баттөмөр: Оюутолгой ордоос хурдан ашиг хүртэхийн тулд шийдвэртэй алхам хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.

-“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг саяхан байгуулагдсан. Ажлын хэсэг хуралдаж амжсан уу? 

-УИХ-ын тогтоолыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Оюутолгойн гэрээнд мэдээж өөрчлөлт оруулах шаардлагатай. ХХI зуунд ийм гэрээ хийж болохгүй. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх том ордоо ашиглуулчихаад 2040, 2050 онд ашиг хүртэнэ гэж хүлээж суух утаггүй. Тиймээс Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлагатай. Мөн Дубайн төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд хоёр талын эрх ашгийг хангасан өөрчлөлтийг гэрээнд тусгах ёстой гэж үзэж байна. Дээрх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг удахгүй хуралдах ёстой.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатайг улс төрчид, эдийн засагчид болон УИХ, Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн. Гэрээнд Монгол Улсад ашигтай яг ямар өөрчлөлт оруулах нь зөв юм бэ? 

-Одоо хүчинтэй байгаа гэрээгээр 2051 оноос Монгол Улс ашиг хүртэх бөгөөд өөрийн эзэмшлийн 34 хувийн төлбөрөө төлөхөөр байгаа. Газар доорх баялгийг хөрөнгө оруулагч нар 00 гэж үзээд байна. Баялгийн эзэн бид давуу эрх эдлэх ёстой. Монгол Улс Оюутолгой ордын 34 хувийг эзэмшихдээ гаднаас өндөр хүүтэй зээл авч эзэмших шаардлагагүй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдаж, тал хувийг нь Монгол Улс эзэмшихэд манайхаас бараг хөрөнгө оруулалт шаардаагүй. Одоо 100 хувь Монголын эзэмшилд ирсэн байх жишээтэй. Татварын дараах ашиг нь нэг их наяд төгрөг байна. Монголын эдийн засагт тулгамдаж буй асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн ашгаас шийдвэрлэж байгаа. Тиймээс Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, нэг, хоёр жилийн дараагаас ашиг хүртэх гэрээ хэлэлцээрийг хийх ёстой. Хорин жилийн дараах ашгийг хүлээгээд сууж болохгүй. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд сууж, гэрээнд өөрчлөлт оруулах шийдвэртэй алхмыг хийх шаардлагатай байна. Мөн Хармагтай болон бусад томоохон уул уурхайн ордуудаа ашиглах замаар төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, Монголын хамгийн шилдэг менежерийг ажиллуулах шаардлагатай. Түүний дараа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгож, хувьцааг нь худалдах хэрэгтэй. Эдийн засгийн орчин үеийн бизнесийн аргыг хэрэглэж, Монголчуудынхаа амьдралыг дээш татах чиглэлээр шийдвэртэй алхам хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

-Банкны тухай хуульд энэ оны эхээр өөрчлөлт оруулсан. Та тус хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан. Хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ? 

-Монголд арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн хоёр банк, үлдсэн нь хувийн хэвшлийн банк. Хувийн банкууд дандаа нэг, хоёр эзэнтэй. Хувь хүмүүс банк байгуулж, жилийн 10 орчим хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг өрсөлдөж байж авдаг. Энэ авсан зээлийн хүү дээрээ, үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохоор хүү нь 14, 15 хувь болж өсдөг. Иймд банкны хүүг бууруулах арга зам нь банкнуудыг олон нийтийн хувьцаат компани болгох шаардлага үүсээд байна.Хуульд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр хатуу тусгаж өгсөн. Банканд үлдэж байгаа хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулж худалдах юм. Ингэж олон хувьцаа эзэмшигчтэй болох нь банкны дүрмийн сан нэмэгдэх сайн талтай. Нэг үгээр хэлбэл дүрмийн сан нэмэгдэх нь зээлийн хүү буурах гол үндэс болж буй юм. Тухайн хуулийн хэрэгжилтийг 2024 оноос хэрэгжүүлж эхлэхээр заасан. 

-Банкууд хувьцаат компани болсноор зээлийн хүү үнэхээр буурах уу? 

-Голомт банк хувьцаагаа гаргаж эхэллээ. Томоохон банкууд үргэлжлүүлээд хувьцаат компани болох чиглэл рүү орно. Банкны хөгжлийг урагшлуулах оновчтой хууль батлагдсан. Тийм учраас банкууд бэлтгэлээ сайн хангаж, хувьцаат компани болох хэрэгтэй. Хувьцаат компани болсноор олон төрлийн ач холбогдолтой. Улс үсрэнгүй хөгжихийн тулд банк болон хөрөнгийн зах зээлд шинэчлэл хийх нь чухал. Энэ хоёр чиглэлд бид шийдвэртэй алхам хийж, банкуудаа хувьцаат компани болгоод, дүрмийн сангаа нэмснээр зээлийн хүү буурна. Одоо хадгаламж эзэмшигчдийн найм орчим их наяд төгрөг банканд бий. Хадгаламж эзэмшигч нарт хувьцаа худалдаж авах сонголт алга. Тиймээс зах зээлийн гол салбар хөрөнгийн биржээ хөгжүүлэх нь чухал. Банканд хийж байгаа шинэчлэл хөрөнгийн зах зээлд ч нөлөөлнө. Хөрөнгийн зах зээл сүүлийн үед сэргэж, сайн болж байгаа. Иймд эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Компаниуд IPO гаргах, түүнийг нь иргэд, аж ахуй нэгж худалдаж авснаар олон нийтийн болж, дүрмийн сан нь нэмэгдэнэ. Үйл ажиллагаа нь ил тод болно. Тиймээс банк болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг хийх цаг болсон. 

-Банкууд нээлттэй компани болсноор хөрөнгийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн бий болох нь ээ? 

-Зах зээл өндөр хөгжсөн орнуудын эдийн засгийн 50-70 хувь нь банкны системээр, үлдэж буй хувь нь хөрөнгийн зах зээл дээр түшиглэж хөгждөг. Харамсалтай нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжсөнгүй. Энэ нь олон учир шалтгаантай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйгээр улс хөгжихгүй. Хүн өөрт хадгалсан хуримтлалаа авдрандаа, эсвэл банканд хэдэн хувийн хүүтэй хадгалах бус хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх нь илүү ашигтай. Зарим банк жилийн ес, арван хувийн хүүтэй хадгаламж авч байгаа ч энэ хэвээрээ цааш үргэлжлэх боломжгүй. Банкны хадгаламжийн хүү цаашид гурав, дөрвөн хувь болж буурах тооцоолол байна. Ийм учраас банк хөрөнгийн зах зээлд орж, хувьцаат компани болох шаардлагатай. Иргэд ч маш сайн судалгаа хийж, хөрөнгийн зах зээлд мөнгө байршуулах нь илүү ашигтай. 

-Эдийн засаг сайнгүй байна. Цаашид дорвитой ямар арга хэмжээ авах нь зөв бэ? 

-Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар, дотооддоо 20, 30 их наяадын өртэй. Эдийн засгийн чадавх муу байгаа. Тиймээс эдийн засгаа зөв бодлого явуулж, хөгжүүлэх шаардлагатай байна. Иргэдээ ажлын байраар хангах, импортоор авч буй бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх хэрэгцээ бий. Дотоодын эрэлтэд нийлүүлсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ашигт малтмалын баялгийн менежментээ зөв хийж чадахгүй байна шүү дээ. Тухайлбал, Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ.Гадаадын компаниуд Монголд орж ирээд ашигт малтмалын лицензийг эзэмшчихдэг. Их баялагтай уул уурхайн лицензүүд хувь хүмүүсийн гарт байгаа учраас эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Монгол Улсын хөгжлийн загвар гэж бий. Түүний нэг нь баялгийн менежмэнтийн асуудлыг зөв зохион байгуулах. Эрдэнэт үйлдвэр гэхэд татвар төлсний дараа нэг их наяд төгрөг хуримтлагдсан байна. Тиймээс уул уурхайн том ордуудаа ашиглаж, төрийн өмчит компани байгуулах хэрэгтэй.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн зохицуулалт муу байсан. Монгол Улсад хуримтлал алга. Ард иргэд ядуу байна. Гурван хүн тутмын хоёр нь ядуу. Энэ нь өнгөрсөн хугацаанд төрийн зохицуулалт муу байсантай холбоотой. Мөн улс эдийн засгийн шинэ төрлийг бий болгох шаардлагатай. 

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцсан. Үндэсний статистикийн хороонд шинэчлэл хийх, төрөөс дэмжих ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ? 

-Статистикийн байгууллага хүний нөөцийн хувьд боломжийн байна. Харин тоног төхөөрөмж хуучирсан учраас шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс төрөөс хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нь шийдэж өгөх, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Өнөөдөр Статистикийн тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Хуульд тус байгууллагын эрхийг нэмэгдүүлэх, үүргийг нь тодорхой болгож өгөх шаардлагатай. Мөн мэдээлэл технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэх шаардлага бий болсон. Статистикийн байгууллагын хөгжилд мэдээлэл технологи дээр суурилсан оновчтой хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Статистикийн байгууллага аливаа улсын “нүд, чих” болдог. Статистикийн мэдээлэл, тоо баримтыг хэн сайн ашиглаж чадна, тэр хүн оновчтой шийдвэр гаргадаг. Амжилтад хүрдэг. Тиймээс төрөөс статистикийн байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа тоон мэдээллийг зөвхөн төрийн байгууллагууд ашиглахаас гадна аж ахуйн нэгж, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд анхаарах хэрэгтэй юм. 

-Өнгөрсөн онд ахмад настнуудын тэтгэврийн зээлийг Засгийн газраас тэглэсэн. Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөг олгох асуудал яригдаж байв. Энэ мөнгө ахмадуудад олгогдох уу? 

-Ахмадуудад олгох мөнгө төрд алга. Хэрэв ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болбол өр, зээл тавих замаар өгөх боломжтой. Би эдийн засагч хүний хувьд энэ мөнгийг жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд зарцуулах нь үр дүнтэй гэж бодож байна. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж буй үйлдвэрүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох хэрэгтэй. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлж, илүү их ач холбогдолтой юм.Нэг сая төгрөгийг ахмадуудад олговол тэр гэр бүл нэг сар хэрэглээд дуусна. Бэлэн мөнгө тараана гэдэг бол зөв зүйл биш. Монгол Улсад тараачих бэлэн мөнгө алга. Тийм учраас мөнгө тараахын оронд ирээдүйд ард түмний амьдралыг өөд татах бодлогод хөрөнгө оруулах нь чухал. -Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцдэг. Зарим Элчин сайдын томилгоо яагаад удаашраад байна вэ? 

-Аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой тодорхой асуудлуудыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх шаардлагатай байгаа. Зарим Элчин сайдыг томилох ажил хүлээгдэж байгаа нь үнэн. Гадаад харилцааны яаманд томилогдох албан тушаалтнуудын нэрс гарсан. Гэвч УИХ-аар хэлэлцэх асуудал хойшлогдож байна. Холбогдох газруудаас Элчин сайдуудыг томилох асуудал өнөөдрийн байдлаар орж ирээгүй байна.



Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа