Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

Э.Эрдэнэжамъян: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой кандидат

Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-МАН, МАХН нэгдэж, нийлэх тухай хэлэлцээр өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Ямар шатандаа явна вэ?

-Хоёр намаас тус бүрдээ 10, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Манай намаас Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хэрвээ хоёр нам нэгдэх юм бол цаашид юу хийх вэ гэдэг асуудлаа тавьж, хамтарсан уриалга гаргасан. Нэг нам болж нэгдсэн тохиолдолд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа багтаасан 10 зорилт дэвшүүлсэн уриалга бий. Тогтолцооны өөрчлөлт хийх, байгалийн баялгаа ар түмэнд тэгш хүртээх, орон сууцны хангамж, их дээд сургуулийн боловсролын тогтолцооны өөрчлөлт гээд Монголын нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхээр санал нэгдсэн. Мөрийн хөтөлбөрийн хэмжээний санамж бичиг байгуулсан. Санамж бичгийг намын бүх анхан шатны байгууллагаар хэлэлцүүлээд дуусаж байна.

-Намын жирийн гишүүд хоёр нам нэгдэх асуудлыг хэр дэмжиж байгаа вэ?

-Хоёр нам нэгдэх асуудлын талаар аймаг, дүүргийн намын хорооны гишүүдээсээ санал авч байна. Гүйцэтгэх товчоонд ирсэн нэгдсэн мэдээллээр аймаг, дүүргийн хэмжээнд 80 - 95 хувь, зарим намын үүр дээр 99 хувь дэмжиж байна. Хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ой болж байгаа. Тийм учраас багахан үзэл бодлын зөрүү, хувь хүмүүсийн таарамжгүй харилцааг мартаж, том зорилго дээрээ нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ санамж бичиг гишүүдийн олонхоор дэмжигдвэл, хоёр нам  ямар байдлаар нэгдэх вэ гэдэг гэрээ байгуулах ажил руу орно. МАН-аас ямар дүн гарч байгааг мэдэхгүй байна. Намууд нэгдэхийн өмнө намын их хурлуудаа тус тусдаа зохион байгуулж, их хурлаараа нэгдэх асуудлаа шийдэж таарна. МАН их хурлаа, манай нам их чуулганаа хийнэ.

-Хоёр нам нэгдсэн тохиолдолд цаашид МАН, МАХН гэсэн хоёр нэрний аль нэрийг авч явах вэ. Энэ талаар ярилцсан байх?

-МАН - МАХН гэсэн хоёр нэрээ хамт авч явна. Аль нь ч бидний хайрлаж ирсэн намын уугуул нэр. Сонгууль болон албан бичигт нэрний асуудлыг хэрхэн тусгахаа хэлэлцэж, тодорхой болгож таарна. Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ МАН - МАХН эсвэл МАХН - МАН гэж аль нэгээр нь бичих байх. Гэхдээ энэ асуудлыг гэрээнд тодорхой зааж өгөх болов уу.

-МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Ганбаатарын хувьд хоёр нам нэгдэх асуудалд сөрөг байр суурь илэрхийлж байсан. Байр суурь нь өөрчлөгдсөн үү. Намын удирдлагуудтайгаа ойлголцсон уу?

-Анх намын хоёр ч хурал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Одоо байр суурь нь өөрчлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна. Хоёр нам нэгдэх асуудлыг анх ярьж эхлэхэд ойлгоогүй, эсэргүүцсэн хүмүүс бий. Намуудын эв нэгдэл, 100 жилийн ой, улс орны цаашдын хөгжлийн төлөө том эрх ашиг дээр нэгдэж байгааг ойлгоод ирэхээр байр суурь нь өөрчлөгдөж байгаа хүмүүс бий.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН, МАН нэгдэж, дундаасаа нэг хүн нэр дэвшүүлэх нь тодорхой болж байгаа юм байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр нам нэгдвэл намаас нэг хүн нэр дэвшиж таарна. Сонгуулийн өмнө хоёр нам нэгдэж чадахгүй бол намууд хамтарч нэр дэвшигчээ тодруулах асуудал яригдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд намууд нэр дэвшигчээ хамтарч нэр дэвшүүлж болно гэж заасан. Тэр дагуу хоёр нам эвсэж, дундаасаа нэг хүн нэр дэвшүүлэх боломжтой.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжтой юу?

-Сүүлийн 10 жил Н.Энхбаяр даргыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасаж ирсэн шүү дээ. Саяны баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар ч нэр дэвших эрхийг нь хаасан. Намын даргыг тухайн үед хэлмэгдүүлсэн гэж үздэг. Цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших магадлал өндөр. Хоёр нам нэгдсэн тохиолдолд МАХН-ын гишүүд, удирдлагуудын хувьд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжих үү?

-Боломжтой кандидат шүү дээ. Эрх баригч намын дарга. Нас сүүдэр, бусад бүх шаардлагыг хангаж байна. Манай намд, МАН-д ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой олон хүн бий. Шаардлага хангасан улс төрчөө хэнийг нь ч нэр дэвшсэн дэмжээд явна.

-Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн шийдсэнээр нам төлөвшиж, бодлогын нам болох вэ?

-Манай намын байр суурь маш тодорхой. Бид УИХ-д шаардлага өгч, хуулийн төсөл ч санаачилж байсан. Улс төрийн нам нь хувь хүн, компанийн санхүүжилтээс хамааралтай байж болохгүй. Улс төрийн намыг ард түмний хяналтад байлгахын тулд төсвөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Хэн нэг хүн ганцаараа, цөөн тоогоороо намыг санхүүжүүлж улс төрийн сонгуульд ордог байвал авлига арилахгүй. Тиймээс төрийн эрх мэдэлд хүрч байгаа замыг нь ард түмнээс хамааралтай болгоод хувь хүн намыг санхүүжүүлдэг байдлыг зогсоох ёстой. Цөөн хэдэн хүн намыг санхүүжүүлдэг гажгийг засах шаардлагатай. Тийм учраас улс төрийн нам төсвөөс санхүүждэг байхаар хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-“Ковид 19” цар тахал дэгдээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цар тахалтай тэмцэх ажлаа Засгийн газар хэр гүйцэтгэж байна гэж дүгнэх вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ковид 19” халдвартай тэмцэхэд сайн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг нэг жил шахам хугацаанд улс орондоо тархаалгүй барьсан. Вакцин орж иртэл бараг тэссэн. Одоо харин вакцинжуулах ажлаа сайн хийх ёстой. Улс орнууд олон төрлийн вакцин үйлдвэрлэсэн байна. Түүнийг Засгийн газар ч боломж, бололцоогоороо оруулж ирлээ. Олон улсад вакцин нийлүүлэх асуудал дараалал ихтэй байгаа ч Засгийн газар вакцинаа түргэн хугацаанд авч байна. Ерөнхий сайд хүн амаа ойрын хугацаанд вакцинжуулна гэж амалсан. Цар тахалтай тэмцэхэд вакцинжуулахаас өөр арга зам дэлхий дээр алга. Тийм учраас вакцинжуулах ажлаа түргэн шуурхай хийж, хэвийн байдалд оруулах ёстой. Ер нь манай улс шиг халдварын тархалт нь бага байгаад вакцинтай золгосон улс ховор шүү. Мэдээж дотооддоо алдаа, оноотой зүйл бий. Ажлын байрыг хадгалах, иргэддээ халамжийн мөнгө тараах асуудлыг шийдэхийг бид шаардаж ирсэн. Цаашид хоёр нам нэгдсэн ч энэ байр суурин дээрээ зогсоно.

-УИХ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг  томилохдоо дөрвөн зүйл дээр хууль зөрчсөн гэж Ерөнхийлөгчийн тавьсан хоригт дурджээ. ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлсөн, томилсон УИХ-ын дээрх шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ. Хууль зөрчсөн үү?

-Бүтэн жилийн өмнө ҮХЦ-ийн гишүүнийг шинээр томилох ёстой байсан. Гэтэл Улсын дээд шүүх ажлаа хоцорч хийсэн. ҮХЦ-ийн хоёр гишүүнийг хоёуланг нь чөлөөлж, орны хүнийг нь томилох ёстой. Нэг гишүүнийг нь ч гэсэн чөлөөлж, томилж буй асуудалд Ерөнхийлөгч хориг тавьж байгаад гайхаж байна. Харин ч чөлөөлөгдөх ёстой нөгөө гишүүний асуудлыг оруулж ир гээд Ерөнхийлөгч дэмжих ёстой. Гэтэл Ерөнхийлөгч ажлыг явуулахын төлөө биш явуулахгүйн төлөө байр суурьтай байж болохгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн эрх зүйн маргаан бий. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?

-Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж Үндсэн хуульдаа заасан. Тухайн үед нь бид “Зөрчил үүснэ. Тодорхой зааж өгөх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил байна гэж өөрчлөлт оруулсан нь ч буруу байсан. Үндсэн хуулиар хүний албан тушаал хаших эрхийг сунгах нь буруу.

Тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэж хууль санаачлагчид тайлбар өгч байсан. Тэгэхээр нэг хүн нэг л удаа сонгогдоно гэсэн зарчим үйлчлэх байх гэж бодож байна. Тавин нас хүрсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Тийм учраас 45 настай хүн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Энэ заалт хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр “Тавин нас хүрсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” гэдэг заалт үйлчлээд, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвшинэ” гэдэг заалт нь үйлчлэхгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр маргах зүйл байхгүй. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвшинэ” гэдэг заалт хэрэгжээд эхэлсэн гэж ойлгож байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийг өөрчлөхөд Ерөнхийлөгч болон ажлын хэсгийнхэн нь гар бие оролцсон. Батлалцсан шүү дээ. 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа