Валютын ханш :

2021 оны 4 сарын 21, 3, Лхагва гараг

Хүний эрхийн төлөө тэмцэгч зоригтон Хоймор нутгийн хатан зоригтон

Миний бахархан хүндэлж явдаг энэ эмэгтэйг гурван сая монголчууд мэдэхгүй байж магад. Тийм ч болохоор би энэ хүний тухай, бахархан хүндлэх болсон шалтгаанаа бичих гэсэн юм. Түүнийг Бямбасүрэнгийн Баярмаа гэдэг. 

Зөрүүд тэмцэгч

“Бямбасүрэнгийн амины ганц” гэгддэг энэ бүсгүй гурван хүүгийн дараа төрсөн болохоор ийн хайрлагдах болжээ. Эцэг Б.Бямбасүрэн нь Сүхбаатар хөлөг онгоцны капитан бөгөөд намар оройхон Хөвсгөл далайн мөсийг зүссээр айсуй ирэх нь нэн сүртэй. Үе үе “амины ганцаа” дагуулж далайн давлагаа сөрж, моторт завьтай аялах нь бяцхан охинд хатуу хэцүүгээс халширч айхааргүй зориг, тэвчээрийг өгсөн гэлтэй.

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэдэг. “Б.Бямбасүрэнгийн амины ганц” өдгөө “Хөвсгөл далайн эзэд” ТББ-аар овоглох болсон. Түүний хорь шахам жилийн тэмцэл амар байгаагүй нь ойлгомжтой. Бүр сайн яривал тэмцлийн оч Б.Баярмаагийн зүрх сэтгэлд дунд сургууль төгсөх үед нь бий болжээ. Юу гэвэл, түүнийг аравдугаар анги төгсөх жил хоёр гадаад хуваарь ирсэн байна. Хуулийн сургуулийн хуваарь дээр өрсөлдөөд нэгт жагссан ч Б.Баярмаад хүртсэнгүй. Наймт жагссан Төв хороон даргын хүүхэд авчхав. Түүнтэй хамт явсан хамаатны ах нь “Нэгд жагссан хүүхдэд яагаад хоёрын хоёр гадаад хуваариас нэгийг нь ч өгсөнгүй вэ” хэмээн заргалдахад ахыг нь цагдаа бариад явчхав. Хуульч болох хүсэлтэй, ЗХУ-д сурах зорилготой, онц сурлагатан Б.Баярмаа амьдралын алтан босгыг алхах мөчдөө шударга бустай ийн нүүр тулжээ. Тухайн үед дарга нар түүнийг “Ховдын багшийн сургуулийн гурван хуваариас сонгоод ав” гэхэд авахгүй зөрүүдэлж зогссоор гарчээ. Харин өнөөх дарга нараас “Улсаас өгсөн хуваарийг авахгүй гэдэг яасан том толгойтой хүүхэд вэ” гэсэн зэмлэл хүртсэн байна.

Зөрүүд зан гэдэг нэг талаас өөртөө, үзэл бодолдоо үнэнч хүнээс гардаг эр зориг гэлтэй. Б.Баярмаа  зөрүүд зангаасаа болж даргадаа донгодуулж, ажлаасаа халагдаж явсан удаа ч бий. Гэхдээ оносон нь алдсанаасаа илүү жин дарах биз ээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын боловсрол төвд аргазүйчээр ажиллаж байхдаа, өөрийн зөв гэж бодсоноо даргадаа айж хулчийлгүй хэлсээр байгаад халагдсан гэнэ. Ингээд шавь нартайгаа цуг конкурсдэж, МУИС-ийн Хуулийн сургуульд элсэн оржээ. Гэсэн ч анхны хүүхдээ өлгийдөн авах болж сургуулиасаа чөлөө авч явснаар хуульч болох түүний хоёр дахь оролдлого талаар болсон байна. Харин хожим 43 насандаа гурав дахь оролдлогоо хийж, шалгалт өгч тэнцээд, дөрвөн жил их сургуульд сурч эрхзүйч мэргэжлийг эзэмшжээ.

Онцлууштай нэг зүйл гэвэл, Б.Баярмаагийн зөрүүд зангаас хамгийн их ашиг хүртсэн хүмүүс бол эрх нь зөрчигдсөн иргэд юм.

Хуулиар зэвсэглэн тэмцэгч

Социализмын үед дунд сургуулийг алтан медальтай, их сургуулийг улаан дипломтой төгссөн миний “баатар” аль нэг аймгийн дарга, үгүйдээ л төрийн албаны цагаан захтан, даргын алба хашихад түүртэхээргүй нэгэн. Гэсэн ч тэр энэ замыг сонгоогүй. Өөрт оногдсон хувь заяандаа, нутаг усандаа эзэн болохыг илүүд үзсэн. Энэ тухайгаа тэр нэгэнтээ, “Онц сурлагатан, даруу төлөв Б.Баярмаа яагаад цогтой тэмцэгч болчихов оо гэж гайхах хүмүүс байдаг. Хүн бүрийн амьдралд үнэ цэнтэй зүйл гэж бий. Бизнесмэн хүнд цаг хугацаа алтнаас үнэтэй байдаг бол миний хувьд эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс дуугарч, нутаг ус-газар шороогоо хамгаална гэдэг юунаас ч илүү чухал. Хүн эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй. Тиймээс өөрт заяагдсан бүхэндээ эзэн болж амьдрахыг хичээдэг” хэмээн ярьж байлаа.  

Хөвсгөл нуурын хөвөөнд тоглож өссөн Б.Баярмаагийн тэмцэл Хөвсгөл далай ээжээ аврахаас эхэлсэн. Одоогоос арав гаруй жилийн өмнө 2007 онд Хөвсгөл нууранд Оросын “Дыбовский” усан онгоц живж, дизелийн түлш нь далайн мандалд тархжээ. Химийн бодис нуурын усыг, орчны агаарыг бохирдуулж эхлэхэд нутгийн иргэд хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй сандарч байсан гэдэг. Тэр үед Б.Баярмаа бүсгүй нутгийн олны сэтгэлд итгэлийн зулыг анх асаасан юм. Нутгийн удирдлага төдийгүй яам тамгын газрын дарга нар хүртэл дээрх явдлыг үгүйсгэж байхад Б.Баярмаа ганцаараа урсгал сөрсөн. ... “Хөвсгөл нуурын уснаас хүн уудаггүй”...“Нуурын ус бохирдоогүй загас жараахай нь гүйлдэж байгаа”... Дарга нар мөнгөний төлөө нүд цавчихгүй худал ярьж чаддагийг Б.Баярмаа тэгэхэд анх мэдсэн. Гэхдээ тэр айгаагүй бас ухраагүй. Учир нь түүнд нуур бохирдсон тухай мэргэжлийн хяналтын баримт байсан юм.   

Ингээд л ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Отгонтой хамт пургонд суугаад нутгийн зүг, хүлгийн жолоо залав. Хөвсгөл далайд асгарсан дизель түлш нарны туяанд солонгорч буй дүрсийг камерт буулгаж өнөө том дарга нарыг ёстой пять нойлдсон гэдэг. Үүгээр зогсохгүй Дыбовский усан онгоцны хэргийг шүүхэд өгч, хоёр жил гаруй хугацаанд өмгөөлөл хийснээр нууранд живсэн усан онгоцыг татан гаргуулж, бохирдсон усыг цэвэрлүүлж чаджээ. 

Энэ хэрэг явдлаас хойш Б.Баярмаа мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй эрх мэдэлтнүүдийн өөдөөс хуулиар зэвсэглэн тэмцэж эхэлсэн юм. Түүнчлэн 2008 оноос байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж, бэлчээр усаа хамгаалах хүсэлтэй, малчид иргэдийг хуулиар зэвсэглэж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Б.Баярмаа нөхдийнхөө хамт Дорнод аймгийн Тамсагийн сав газарт 2005 оноос газрын тосны хайгуул олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг явуулж байсан Хятадын төрийн өмчит “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг байгаль орчинд хохирол учруулсныг тогтоолгож, 1.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулсан билээ. Энэ нь байгаль орчин тэр дундаа дэлхийд ганцхан үлдсэн хялганат хээрийг хамгаалахад болон Дорнод аймгийн Матад сумын иргэдийн бэлчээр, усны эрхийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдал юм. 

Энэ мэтчилэн тэрбээр өнгөрсөн хугацаанд байгаль орчны эсрэг, нийтийн эрх ашгийг хөндсөн олон арван хэргийг шүүхээр нэхэмжилж, 10 гаруй удаа стратегийн өмгөөлөл хийж, ялалт байгуулжээ. 

Ялаа, сайд хоёрыг хэвлэлээр намнадаг гэдэг. Б.Баярмаа уул уурхайн эзэд, дарга нартай мэдээллийн хэрэгслээр дайтдаг зоригтон. Ганцхан түүнийг ч гэлтгүй, байгаль орчны төлөө дуугардаг иргэний нийгмийнхнийг шантааж хийдэг, ардаа захиалагчтай гэж хардах нь олонтаа. Бүрэнхааны фосфоритын ордын хууль бус лицензийн асуудлаар зарга үүсгэж явахад нь УИХ-ын гишүүн нэр хүндтэй сонинд нэгэн ярилцлага өгч байжээ. Тэрбээр, “Тэмцэгч Б.Баярмаа хятадуудтай сууж байсан. Орд газраа хятадуудад өг гэсэн. Тэгэхэд нь би өгөөгүй” гэсэн байна. Тэр ч бүү хэл, нийтлэлч Б.Баабар болон шилдэг нийтлэлчдийн клубийн сэтгүүлчид түүний эсрэг янз бүрээр бичих болжээ. Энэ талаар Б.Баярмаа ярихдаа “Хэрэв би хэн нэгнээс мөнгө авах зорилготой байсан бол хорь гаруй жил ингэж тэмцэж чадахгүй байсан. Хаа нэг газар нь амаа үдүүлээд чимээгүй болох эсвэл шоронд орох байлаа. Бидний ард захиалагч байгаа гэж хардаж байгаа бол тэр нь усаа, бэлчээрээ алдсан малчид л болж таарах нь” хэмээн ам бардам ярьсан юм.

Хоймор нутгийн хатан зоригтон

Түүний тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Н.Батчулуун ярихдаа, “Миний дүү Б.Баярмаа энэ олон жил бүсгүй хүнээс гарамгүй их эр зориг гаргаж, эх орон, нутаг усныхаа төлөө тэмцэж ирсэн. Ингэхдээ аливаа асуудалд зүгээр сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандаж, асуудлын цаана юу байгааг олж харж чаддаг нь сайшаалтай” хэмээн онцолж билээ. Үнэхээр ч Б.Баярмаа эмэгтэй хүнээс гарамгүй зориг, тэвчээрийг гаргажээ. Адгийн зарга арав хоногтой гэж үг бий. Монголчууд энэ үгнээс болоод ч тэр үү шүүх, цагдаагаар явахаас залхаж, халшраад алдсан бүхнээ зөнд нь орхидог талтай. Тэгвэл Б.Баярмаа эсрэгээрээ, эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс шүүхдэж явахаас залхдаггүй, ард нь гарч байж салдаг зөрүүд зантай хүн. Түүний талаар зарим дарга нар “Наадах чинь ёстой нойтон хамуу. Хурдан шаардаад байгаа зүйлийг нь өгөх хэрэгтэй” гэлцдэг аж. Б.Баярмаа нэг хэргийн араас гурваас дөрвөн жил шүүхдэж явна. Гэр бүлийн хүн нь түүний өмнөөс залхахдаа “Наад хэрэг чинь хэзээ шийдэгдэх юм бэ. Хаана ч байсан, хэзээ ч хамаагүй шүүхээс дуудах юм. Өөрөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг ямар хэцүү юм бэ” гэнэ. Ингээд бодохоор Б.Баярмаа хэрийн хүн замын дундаас залхмаар, шантармаар урт замыг туулжээ.   

Харин байгаль орчны сэдвээр мэргэшсэн сэтгүүлч Б.Отгон, “Б.Баярмаа бол юунд ч шантарч цөхөршгүй, хөдөлмөрч, дайчин эмэгтэй. Дээрээс нь уншсан судалсан зүйл ихтэй,эрдэм боловсролтой, энгийн даруухан. 2010 оны үед байх аа. Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Фосфоритийн орд ашиглахаар УИХ-ын гишүүний компани дайрч эхлэхэд  эрх мэдэлтэй  том компаний өөдөөс яахаа мэдэхгүй хэдэн малчид сандарч эхэлсэн. Тэр үед нөгөөх л Б.Баярмаа очиж, нутгийн иргэдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэдэн жил уйгагүй хөөцөлдсний эцэст шүүх дээр ялалт байгуулж, бүх лицензийг нь цуцлуулж билээ. Зөв хүмүүс эгэл даруу амьдарч, элдэв жүжгийн гол дүрд тоглож ОД болдоггүй учраас тэднийг олох нь далайн гүнд нуугдсан хясаан дундаас СУВД олохтой адил. Б.Баярмаа бол яг ийм ,эгэл даруухан чимээгүй баатруудын нэг билээ” гэж ярив. 

Гэвч Б.Баярмаа шиг нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж буй хүний эрхийн төлөө тэмцэгч, шүгэл үлээгч нарын эрхийг, аюулгүй байдлыг хамгаалах хууль, эрхзүйн орчин өнөөдөр бидэнд үгүй нь харамсалтай. Харин Б.Баярмаа үүнээс болж айж хулчийх хүн биш. Тэр одоо монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд шинэ тутам үүсч буй олон эрхүүдийн төлөө санаа зовниж, гарц шийдэл эрэлхийлж явна. Түүний хэлснээр амьсгалах эрх, цэвэр ус уух эрх, нар харах эрх, аюулгүй хүнсээр хангагдах эрх, газар, бэлчээр эзэмших эрх гэх мэт олон эрхүүдийг Үндсэн хуулинд тусгах шаардлагатай гэнэ. 

Би монгол хүн

... Унасан энэ нутгаа би

Өөрийн бие шиг хайрлаж

Угаасан тунгалаг мөрнөө би

Эхийн сүү шиг санадаг,

Энэ нутагтаа би эзэн нь юм,

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм

Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох

Их үүрэг хүлээсэн юм

Нэрт найрагч Чойжилын Чимид гуай нэгэнтээ ингэж шүлэглэсэн байдаг. Харин миний хувьд хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж буй эрх мэдэлтнүүдтэй тэмцсэн, энэ шүлгийн жинхэнэ “баатар”, хоймор нутгийн хатан зоригтныг магтан дуулахгүй байж чадахгүй. 

Түүнийг, түүний тэмцлийг одоо гурван сая монголчууд мэддэг болно. Энэ хүн гурван сая монгол хүний гишгэх газрыг бүтэн байлгах гэж, уух усыг цэнгэг байлгах гэж тэмцэж ирсэн нэгэн. Түүнийг Бямбасүрэнгийн Баярмаа гэдэг.

Сэтгүүлч Б.Наранчимэг




Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа