Валютын ханш :

2021 оны 5 сарын 13, 4, Пүрэв гараг

Цианитаар ажилчидаа хордуулж буй “НАРАН МАНДАЛ” компанид Ерөнхий сайд ХАРИУЦЛАГА тооцож чадах уу

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордын Цагаан овоо, Улаан толгой хэмээх газруудад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Энэ компани өмнө нь  “Спейшл Майнз” нэрээр олонд танигдсан бөгөөд 2018 оны сүүлчээр “Наран Мандал Энтерпрайзес” ХХК болгон нэрийг нь өөрчилжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд тус уурхайд цианитын уусмал алдагдсаны улмаас гурван ажилтан хордож байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дээрх осол гарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байдаг. Үүнээс хойш “Спейшл Майнз” компани компанийнхаа нэрийг “Наран Мандал Энтерпрайзес” болгон өөрчилсөн байна.  

“Наран Мандал” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хүн, мал, байгаль орчинд онц ноцтой хохирол учруулж байгаа талаар нутгийн иргэд, малчид, албаны хүмүүс тодорхой мэдээллийг өгч, бидэнд хандсан юм.  

ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН, УУШГИ НЬ ХОРДСОН ЗАЛУУС “АМАА ҮДҮҮЛДЭГ”

Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мал, зэрлэг амьтанд сөрөг нөлөө илрэх болжээ. Ойролцоох малчид бог малаа төхөөрөхөд уушги нь харласан, элэг нь хар цоохор болсон тохиолдол цөөнгүй байдаг талаар учирлаж байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн малчин Т “Наран мандал компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мал, амьтанд сөрөг нөлөө нь гарч байна. Мотоциклтой явж байхад туулай өмнөөс давхиад ирдэг. Зэрлэг амьтан хүн рүү хүрээд ирдэг нь яав ч эрүүл биш. Үс, зүс нь гандчихсан байдаг. Энэ нь уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Өөр нөлөөлөх хүчин зүйл манай нутагт байхгүй. Айлууд хонь гаргахад элэг нь харлаж, уушги нь хар цоохор болсон байдаг. Энэ бол цианиттай холбоотой гэж ойлгодог.

Уурхайд ажиллаж байгаа олон залуучууд хордсон. Хот руу эмчилгээнд явсан дуулддаг. Тэднийг ажлаас нь халалгүй, хөнгөн ажил хийлгээд цалинг нь өгөөд байлгадаг. Тийм учраас тэр хүмүүс болсон явдлын талаар гомдол гаргаж чаддаггүй. Хэрэв гомдол гаргах юм бол ажилгүй, цалингүй болно гээд эрүүл мэндээрээ залуус хохирсоор байгаа. Наран мандал компанийнхан уурхайн ойролцоох айлуудын хүүхдүүдэд нь намар сургуулийн хэрэгсэл, ахмадуудыг амралт, сувилалд явуулдаг. Малчдад өвөлжөө, хаваржаа авч өгч хахуульдаж ирсэн. Хавар  компанийн ажилчид малчдын ямааг нь хүртэл самнаж өгч, малчдыг аргалаад сурчихсан компани. Төрийн холбогдох байгууллага ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаад харамсаж байна. Одоогийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газрын дэргэд мал усалдаг гар худаг байсан. Уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хаагдсан” гэв.

Уурхайн гүнд ажиллаж буй залуус уушгины өвчтэй, бронхиттой болдог байна. Өнгөрсөн хугацаанд олон залуучууд хордож, эрүүл мэндээрээ хохирчээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилчиддаа тодорхой цалин өгч, хөнгөн ажил хийх зэргээр байлгадаг аж.

Энэ оны зургаадугаар сард уурхайд ажиллаж байсан 20 настай залуу шохойнд түлэгдэж эрүүл мэндээрээ хохирсон байна. Тэрээр хамгаалалтын хувцас хэрэглэлгүй шохойн чулууг зөөвөрлөснөөс нүүр нь шохойн чулуунд түлэгдэж, эрүүл мэндээрээ хохироод үлджээ.

Ж.ХАТАНБААТАР: “НАРАН МАНДАЛ”-ЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДИЙЛЭХЭЭ БОЛЬСОН

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатараас компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар ““Наран мандал” компани манай нутагт үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Уурхайд ажиллаж буй залуучуудаа шинжилгээнд оруулахаа больсон юм шиг байна лээ. Шинжилгээнд оруулахаар залуучууд нь дандаа уушги нь чулуужсан, уушгины өвчтэй гардаг байна. Бид нар дийлэхээ больсон шүү дээ. Хордсон, эрүүл мэндээрээ хохирсон залуучууд үг хэлдэггүй. Тийм хүмүүсээ энэ компани чимээгүй цалинжуулаад байж байдаг. Тэр залуучууд нь хордсоноо мэддэг. Ажил хийхгүй мөртлөө цалин аваад л сууж байдаг. Тэгэхээр цалин аваад зүгээр сууж байгаа хүмүүс юу гэж компанийнхаа эсрэг дуугархав. Энэ компанийн эсрэг дуугардаг хүн байхгүй болсон.

Тус уурхайтай УИХ-ын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон. УИХ-ын дарга нь дийлэхгүй байхад бид яаж дийлэх юм бэ. Сайхан юм яриад “Уурхайн үйл ажиллагааг хаана” гээд явдаг. Цаашаа очоод чимээгүй болчихдог. Сум орон нутгийн удирдлагыг уурхай дээр очиход тоодоггүй. Тийм л даварсан уурхай байна даа. Хүн, амьтан ойртвол хөөдөг.

Манай сум уг нь зорилго тавьж байгаа. Уул уурхайгүй сум болох зорилт тавьсан. Гэвч ийм байдлаар орон нутгийн удирдлагад дийлддэггүй компани байна” гэж тайлбарлалаа.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн малчин Г.Сунд “Уурхайн гүнд ажиллаж байгаа залуучууд уушги нь хордож хот руу эмчилгээнд явж байгаа тохиолдол олон бий. Тэдний эрүүл мэндэд анхаардаггүй. Энэ оны эхээр гэхэд тэсэлгээ хийснээс болж гурван хүн хүнд гэмтсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Цэндравдан гэдэг залуу уурхайн ослоор хөлөө хугалж хүнд гэмтсэн. Сүүлдээ уушиг нь муудсан гэж сонссон. Залуучууд эрүүл мэндээрээ хохироод үлддэг” гэв.

А.БАТБААТАР: БИ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ НОЦТОЙ ХОХИРСОН Ч “НАРАН МАНДАЛ” КОМПАНИ АНХААРАЛ ХАНДУУЛААГҮЙ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд тус уурхайд цианитын уусмал алдагдсаны улмаас гурван ажилтан хүнд хордож байсан. Түүний нэг А.Батбаатарын яриаг хүргэе.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн А.Батбаатар “Би Наран мандал компанид 2016 онд ажилд орсон. Манай уурхайд цианитын уусмал алдагдсаны улмаас 2017 оны тавдугаар сарын 8-нд хоёр ажилтан хордсон. Тэр орой нь би ээлж хүлээж авсан. Тэр хордсон хүмүүст тухайн үед манай компанийн зүгээс ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Гэрт нь байлгаж байгаад аймаг руу авч явсан.

Түүнээс хойш миний бие ч муудсан. Хоолонд дургүй болж, амьсгалахад бэрхшээлтэй болсон. Тиймээс аймагт ирж, шинжилгээ өгсөн ч онош тодорхой гарахгүй байсан. Тийм учраас 2017 оны зургаадугаар сарын 20-нд Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл зүрх, уушги усаар дүүрсэн байна гэж эмч хэлсэн. Тэгээд хагалгаанд орсон. Уушгины гялтан хальснаас хоёр хуруу хэмжээтэй авахуулж, зүрхний ус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Мөн гэдэс, нуруунд хортой булчирхай байна гэж эмч хэлсэн. Уурхайд ажиллаж байгаад ингэж эрүүл мэндээрээ хохирсон. Надад компаниас ямар нэгэн зардал мөнгө өгөөгүй. Харин Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын сангаас эмчилгээний тодорхой зардал гаргаж авсан. Түүнээс Наран мандал компани миний эрүүл мэндэд анхаараагүй” гэв.

Ажилчид хордсоны дараа тухайн үед Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, авто тээврийн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус уурхайд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд олон зөрчил, дутагдал илэрч байжээ. 

Тухайлбал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр л гэхэд хөрсний шинжилгээгээр илэрсэн сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээ аваагүй, тухайн жилд ашиглах усны дүгнэлтгүй, эрхийн бичиггүй, ухаж ачих ажлын паспортыг баталгаажуулаагүй, уурхайн гүн дэх ус уух цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, усны нөөцгүй гэх зэрэг зөрчил илэрч байв. Мөн хөдөлмөрийн хяналтаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилготой эрсдэлийн үнэлгээ хийдэггүй зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул тухайн үед үйл ажиллагааг нь түр зогсоож байв.

Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наран мандал” компанийн “Цагаан Цахир” уурхайд осол гарч гурван ажилтан хүнд гэмтэж байв. Тэсэлгээний бодис дэлбэрснээс гурван иргэний нэгнийх нь нүдний алим хагарч, баруун төмсөг няцарч, гар нь хугарсан бол нөгөө хоёр ажилтны тухайд мөн гар нь хугарсан ноцтой осол болж байв.

НАРАН МАНДАЛ: ХУУЧ ӨВЧИН, СҮРЬЕЭ ЗЭРГЭЭС ХАМААРЧ ЗАРИМ ХҮМҮҮС УУШГИНЫ ӨВЧТЭЙ БОЛСОН ТОХИОЛДОЛ БАЙГАА

 “Наран Мандал” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар компанийн удирдлагад хүргүүлсэн асуултад дараах хариултуудыг ирүүлсэн юм.

-“Наран Мандал” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мал, амьтан хордож, нөгөөтэйгүүр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар нутгийн иргэд, малчид мэдээлэл ирүүлж байна. Мал, амьтан хордож, түүнчлэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа асуудалд танай компани ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Уурхайн үйл ажиллагаанаас болж мал амьтан хордсон асуудал манай компани "Цагаан цахир уул"-ын алтны үндсэн ордыг авч ашиглаж эхэлснээс хойш гараагүй. Бид Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулж хэрэгжүүлдэг.

-Танай компанид ажиллаж буй уурхайн ажилчид уушгины өвчтэй, бронхиттой, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд залуучууд цөөнгүй байна. Эрүүл мэндээрээ хүнд хохирсон ажилчдад хэрхэн дэмжлэг үзүүлж ажилладаг вэ?

-Манай компаний үйл ажиллагаанаас хамаарч эрүүл мэндээрээ хохирсон иргэн байхгүй. Бид жил болгон Сонгдо Улаанбаатар, ГрандМед зэрэг Монгол Улсын томоохон эмнэлгүүдтэй хамтран бүх ажилчдаа бүрэн шинжилгээнд хамруулдаг.

Хууч өвчин, сүрьеэ зэргээс хамаарч зарим хүмүүс уушгины өвчтэй болсон тохиолдол байгаа. Эдгээр нь 100% тухайн иргэн өөрөө хариуцаж эмчлүүлэх асуудал байдаг. Гэвч манай компани хүнд өвдсөн ажилчиддаа үргэлж анхаарал хандуулж байдаг тул тэдгээр ажилчдын эмчилгээ, амьдралд санхүүгийн болоод бусад дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн.

-Уурхайн үйл ажиллагаанд цианит натри ашигласнаас ажилчид хордож байгаа талаар иргэд хэлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд танай компанийн уурхайд цианит алдагдсаны улмаас 3 ажилтан хордож байсан. Уурхайд ажиллаж байгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаашид хэрхэн анхаарах вэ. Хөдөлмөр хамгааллын бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Манай үйлдвэр нь цианитын алдагдалтыг хэмжиж, дохио өгөх багажаар бүрэн тоноглогдсон, мөн цианит хэрэглэдэг хэсэгт ажиллаж буй хүн бүрт цианит мэдрэгчийг зүүлгэн ажиллуулдаг. Цианит нь битүү орчинд хүчил төрөгчийг идэж хүчил төрөгчгүй болгодог бодис бөгөөд их хэмжээний цианит алдсан битүү орчинд байх эсхүл шууд уух зэрэг тохиолдолд л хордуулах нөлөөтэй.

Дээрх ослын дараа бид хордсон гэх ажилчдыг шинжилгээнд хамруулахад цианит илрээгүй. Дээрх ослын талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг бид тухайн үед хүргэж байсан. Одоогийн байдлаар тус ажилтангууд ажилдаа эргэн орон хэвийн ажиллаж байгаа.

БУРУУГАА ХҮЛЭЭДЭГГҮЙ “НАРАН МАНДАЛ” КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОЁ

Монгол Улсад цианит ашиглаж, алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гуравхан уурхай байгаагийн нэг нь “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн Цагаан Цахир уулын алтны үндсэн орд юм. Энэ компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нутгийн иргэд, малчид эсэргүүцэж ирсэн ч тоолгүй иржээ. Учир нь ардаа төрийн өндөр албан тушаалтны “хамгаалалтад” байдаг гэх мэдээлэл бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан “Молекул” Батж.Батбаярын хүү Б.Батулга тус уурхайн тодорхой хувийг эзэмшдэг гэх. Гэвч албан ёсны бүртгэлд дурдсанаар Сингапур улсад бүртгэлтэй Прожект Кинг Пи Ти И (Project King Pte) компани 100 хувь эзэмшдэг аж.

Ямартай ч орон нутгийн төрийн байгууллага хүчгүйдэж байхад, төрийн өндөр албан тушаалтан, эрх бүхий байгууллага энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавихаа больжээ. Хариуцлагатай уул уурхайг төрөөс дэмжиж, нөгөөтээгүүр байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанид хариуцлага тооцохоо зарлаж болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Наран Мандал Энтерпрайзес” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцно гэдэг найдаж байна.

Уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор ажилчид нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байхад “Хууч өвчин, сүрьеэ зэргээс хамаарч зарим хүмүүс уушгины өвчтэй болсон тохиолдол байгаа. Эдгээр нь 100% тухайн иргэн өөрөө хариуцаж эмчлүүлэх асуудал байдаг” хэмээн хариулж буй хэнэггүй компанид хариуцлага тооцох ёстой болов уу.

JAMUH.MN

 

 

 

 


7 сэтгэгдэл

  • hudlaa medeelel tsatsdagaa bolioch. ene uurhai haiutslaga undur, hvnee gesen setgeleer ajlaa yawuuldag hariutslagatai uurhai. hordson hvn , mal amitan baihgvi bvh zvil hewin vil ajillagaa yawagdaj bgaa

  • Цианит тоглоом биш шүү. Энэ компанид хяналт шалгалт явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс хордож үхлээ ш дээ. Өөрсдийгөө мэдэхгүй уушиг нь хордож байгаа олон хүн бий. Нутгийн иргэд малчид газар шороогоо хамгаалах хэрэгтэй. Гадны хулгайчуудад эх орноо өгч болохгүй ээ.

  • Цианит тоглоом биш шүү. Энэ компанид хяналт шалгалт явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс хордож үхлээ ш дээ. Өөрсдийгөө мэдэхгүй уушиг нь хордож байгаа олон хүн бий. Нутгийн иргэд малчид газар шороогоо хамгаалах хэрэгтэй. Гадны хулгайчуудад эх орноо өгч болохгүй ээ.

  • Olon xumuuusiim ap gep sn ywj bgaashuu ene uupxainn buynaaap tgj ix uidaaad xudlaaa medeelel admin taa tsatdag ym boll zow medeelel damjuulj supaapai ene uupxaig taa medqmaa gxd sainiin tumen mednshuuuu!!!!!! Ysn zawtai ymbeee ahhhaa ooppoooo

  • Муусайн хулгайч нарыг хөөж явуул. Эзнээ нутгаа мэдэх ёстой шүү

  • Molekuliin huu ezemshdeg gee bizdee. uls uurhaig ni zogsooh heregtei sh dee

  • Даварсан компаниад даруулга хэрэгтэй байна шүү дээ. Ингэж даврааж болохгүй ээ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа