Валютын ханш :

2021 оны 1 сарын 22, 5, Баасан гараг

Цианитаар хордуулж буй “Баян-айраг эксплорэйшн” ХХК-д хариуцлага тооцооч Ерөнхий сайд аа

Завхан аймгийн Дөрвөлжин сумын байгаль экологод онц ноцтой аюул тулгараад байна. Цаашлаад нутгийн иргэдийн эрүүл мэнд, амь насанд үхлийн харанга дэлдэж эхэлжээ. Эхнээсээ  мал болон жигүүртэн шувууд үл мэдэгдэх шалтгаанаар үхэх болсон гэнэ. Дээрх бүхний үндэс шалтгаан нь тус суманд олборлолт явуулдаг Баян-Айраг эксплорэйшн” ХХК удаа дараа цианид натри хэмээх химийн хорт бодис хөрсөнд алдсантай холбоотой юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 11-нд маш их хэмжээний цианид алдсан байна. Энэ талаар Дөрвөлжин сумын нутгийн иргэд манай сонинд хандаж, холбогдох яамдын удирдлага, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс онцгой анхаарч үзэхийг хүссэн юм.

В.Цэрэнбат: Нутгийн иргэд бид зэвсэг барин тэмцэхэд бэлэн

“Баян-Айраг эксплорэйшн“ ХХК компанийн олборлолт явуулдаг алтны шороон орд Улаанбаатараас 1200 гаруй км-ийн зайд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт оршдог аж. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Цогт багийн Засаг дарга В.Цэрэнбатаас тодрууллаа.

-“Баян-Айраг эксплорэйшн” ХХК  танай багийн нутаг дэвсгэрт хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Уурхайн олборлолт Дөрвөлжин сумаас баруун хойшоо 25 км-ийн зайд яг манай багийн нутаг дэвсгэрт явагдаад арван жил болж байна. Ашигт малтмалынхаа лицензийг бол 2008 онд авсан байдаг юм билээ. Бид Баян-Айраг уулаа ухуулахгүй гэж анхнаасаа л эсэргүүцсэн.

-Уурхайнхан иргэдийн эсэргүүцлийг хүлээн авдаггүй хэрэг үү?

-Миний хувьд багийнхаа Засаг даргаар ажиллаад 10 жил болж байгаа хүн. Нутгийн иргэд малчдынхаа хамтаар эхний гурван жил буюу 2010-2013 онд энэ уурхайн үйл ажиллагааг зогсоолгох, уул усаа ухаж төнхүүлэхгүй гэж их тэмцсэн дээ. Сүүлдээ хүн чинь цөхөрдөг юм билээ.

-Уурхайн зүгээс нэг бус удаа цианид натрийг алдсан гэдэг. Энэ удаагийн хэргийн талаар мэдээлэл  өгөөч?

-Нийтдээ дөрвөн ч удаа цианид алдаж байгаа нь энэ. Энэ удаагийнх нь бүр их хэмжээтэй алдагдсан сураг байна. Цианидынх нь хоолой нь задарсан гэж байгаа юм.

-Та багийн Засаг даргын хувьд яг газар дээр нь очиж нөх­цөл байдалтай танилцсан уу?

-Өглөөний 08:00 цагийн үед алдагдсан байсан. Миний хувьд сүлжээгүй газар байдаг хүн чинь хэл амаа аваад өдрийн 14:00 цагийн үед багийнхаа иргэдийн төлөөлөлтэй уурхай дээр очсон. Гэтэл биднийг оруулаагүй. Бидний өмнөхөн аймгийн Цагдаагийн газрын дарга, мэргэжлийн хүмүүстэй хамт хэргийн газар ажиллаж байгаа гээд дотогш нэвтрүүлээгүй.

-Уг нь хөндлөнгийн хяналт тавиад орон нутгийн төлөөлөл орсон бол. Учир нь урьд өмнө хэд хэдэн удаа цианид алдагдахад Мэргэжлийн байгууллагаас “Хөрсөнд хортой бодис нэвчээгүй, аюулгүй” гэсэн дүгнэлтийг гаргаад л уурхайн хэвийн үйл ажиллагааг хангадаг гэж байсан?

-Би дахиад хэлье. Энэ чинь дөрөв дэх удаагаа цианид алдагдсан тохиолдол шүү дээ. Урьд нь бид хэчнээн эсэргүүцсэн ч үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Уурхай олборлолтоо хийгээд л байдаг. Үнэхээр зүгээр байсан бол малын гэдэс дотор яагаад хав хар болчихоод байгаа юм бэ, яагаад уушги нь устаад байгаа юм бэ. Малд ингэж нөлөөлж байгаа юм чинь хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй байна биз дээ.

-Өнгөрсөн хугацаанд хүн болон малын эрүүл мэндэд сөрөг нөлөө их л үзүүлж байгаа юм байна даа... Ирээдүйд ямар ч хор хохирол гарах юм билээ?

-Тэгэлгүй яах вэ, уурхайн эргэн тойрны тоос гэж найгүй. Малын уушги дотор хав хар өнгөтэй байдаг болсон. Хамгийн гол нь алдагдаад байгаа энэ цианидаас болж хөрсний бохирдол үүсч улмаар ундны усанд ч уусаж байгааг үгүйсгэхгүй. Хор хөнөөл өнөөдөр мэдэгддэггүй юмаа гэхэд ирээдүйд үнэхээр ямар сөрөг нөлөө гарахыг одоо хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Уурхайн олборлолт хийж байгаа газар чинь уг нь малчдын маань өвөлжөөний бууц малын бэлчээр байсан юм шүү дээ.

-Уурхайтай ойрхон хэчнээн малчин өрх амьдарч байна вэ?

-Яг Баян-Айрагийн уурхайг тойроод 70 гаруй малчин өрхийн өвөлжөө бууц байна. Одоогийн байдлаар 40 гаруй малчин өрх  23 мянган мал өвөлжиж байна. Энэ олон хүн, малын эрүүл аюулгүй амьдрах орчныг энэ уурхай сүйтгэж байна шүү дээ.

-Нутгийн иргэдийн хувьд цаашдаа яах бодолтой байна вэ?

-Бидний хувьд ямартаа ч мэргэжлийн байгууллагын  ажлын дүгнэлт шийдвэрийг хүлээцтэй харна. Ийм их зөрчил гаргаж,  байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа уурхайн үйл ажиллагааг бүр мөсөн хаана гэдэгт итгэж байна. Хэрвээ тийм шийдвэр гаргахгүй бол нутгийн иргэд бид тэмцэнэ. Зэвсэг барин босоцгооход бэлэн байгаа.

Л.Цэвэлмаа: Иргэд бид их айдастай байна

Дөрвөлжин суманд насаараа амьдарч байгаа нутгийн уугуул иргэн өндөр настан Л.Цэвэлмаа ингэж ярьж байна.

Тэрбээр “Миний хувьд энэ нутагтаа үе удмаараа амьдарч байгаа хүн. Үр хүүхдийнхээ ирээдүйд ихээхэн санаа зовж байна. Баян-Айраг уурхай цианид алдлаа, үерийн усанд автаад цианидтай ус урслаа, тэнд өчнөөн усны шувуу үхжээ, төхөөрсөн малын гэдэс дотор авах юмгүй харлажээ гэсэн яриа иргэдийн дунд их л гарах юм. Битүүхэндээ их айдастай л явна. Анх энэ уурхайг нээгдээд цианид алдагдлаа гэх үед хүн малд их хортой юм гэсэн яриа гарч байсан. Тухайн үедээ ч анзаардаггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд малын төлийн хоргодол нэмэгдсэн. Мөн малын уушги дотор гэдэс хав хар байдаг болсон нь их хардалтыг төрүүлээд байгаа. Ер нь цианид гэдэг бол байгаль орчин хүн амьтанд их л хортой. Олон жилийн дараа хор хөнөөл нь гардаг гэх юм билээ. Үр хойчийнхоо ирээдүй, сум орон нутгийнхаа байгаль экологид маш их санаа зовниж байна. Төрийн томчууд, уул уурхайн яам, байгаль орчны яамны удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа аваад үзээч ээ гэж л хэлмээр байна” гэв. 

“Баян-Айраг эксплорэйшн” ХХК “Баруун бор толгой”-г ухахаар улайрч эхэлжээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд алт ухаж, улмаар газар нутгийг нь цианидаар хордуулж буй гэх “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн тухай  дараах мэдээлэл байгаа юм. Тус компани нь олон улсын хөрөнгө оруулалттай, захирлууд нь гадаад хүмүүс байдаг. Ерөнхий захирал нь солигдоод нутаг буцсан гэх бөгөөд одоо дэд захирлын албан тушаалыг Дэвид Браун гэх нөхөр хашдаг гэнэ. Тус компани нь Дөрвөлжин  суманд алт олборлох тусгай зөвшөөрлийг 2008, 2015 онуудад гаргуулсан байдаг байна. 2008 оны ашиглалтын лиценз нь 2021 оны зургаадугаар сард дуусах гэж байгаа ч дараагийн олборлолтоо эхлүүлэхээр хайгуулын ажил хийж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, Дөрвөлжин сумын “Баруун бор толгой” гэх газар алт ухахаар улайран дайрах болжээ. Тэд нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын өөдөөс 2015 онд гаргуулсан ашиглалтын лицензээ харуулаад “Бид хуулийн дагуу энэ газарт олборлолт явуулах эрхтэй” хэмээн хариулдаг гэнэ. Хамгийн харамсалтай нь тус компани уул усыг нь ухаад зогсохгүй, үхлийн аюултай гэгддэг химийн хорт бодисоор Дөрвөлжин сумын газар нутгийг бузарлаж байгаа явдал юм. “Баян-Айраг эксплорэйшн” ХХК алт олборлолтын нуруулдан уусгах технологи ашигладаг аж. Алтны хүдрийн овоолго дээрээс цианидыг бороожуулах байдлаар цацдаг энэ аргыг  нуруулдан уусгах технологи гэдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уурхайн энэ технологи  маш аюултай өндөр эрсдэлтэйд тооцогддог юм байна. Ийм л технологийг “Баян айраг эксплорэйшн” ХХК ашигладаг гээд бод. Тэгээд болоогүй дээрх технологийг ашиглахдаа аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх  хамгааллын стандартыг мөрдөхгүй, цианидыг удаа дараа гадагш алдсан нь дэндүү хариуцлагагүй байгаагийн илрэл юм. Ийм компанийг толгойг нь илээд энэ олон жилийн хугацаанд үйл ажиллагааг нь хэвийн явуулсаар байх уу.

1120 литр цианидыг гадаад талбайд алджээ

Баттай эх сурвалжийн мэдээлс­нээр “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн уусмал хадгалах савнаас боловсруулах үйлдвэр рүү дамждаг хоолой энэ сарын 12-ны өглөө задарсан. Хоолой задарсны улмаас 553 ам.метр талбайд 1120 литр цианид гадаа талбайд алдагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг тонн 120 литр цианид асгарч ойр орчмын талбайд уусаж, агаарт дэгдсэн гэсэн үг. Хүн 200 граммыг л уухад шууд үхэлд хүргэдэг гэх цианид тонноороо асгарсан гээд бод доо. Тэр бүс нутаг, ойр орчмын экологийн асуудал сүйрч байгаа л гэсэн үг. Үнэхээр аймшигтай.  Албаныхны мэдээлснээр уурхайн дөрвөн агуулахад 157 тонн цианид, 12 тонн идэмхий натри, 5600 литр азотын хүчил байсан гэх.

Уг уурхайд урьд нь буюу  2019 оны зургаадугаар сард үерийн ус даланг нь  сэтэлж орж ирсний улмаас 1700 гаруй ам.метр тал­байд цианид натритай ус алдагд­сан гэх мэдээлэл байгаа юм.

Ингээд бодохоор “Баян-Айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сум тэр тусмаа  Цогт багийн нутаг дэвсгэрийг ухаж сэндийчээд зогсохгүй, химийн хороор бохирдуулж дуусаж байна.

Энэ бүхний үр дагавраар эргэн тойрны ан амьтан, жигүүртэн шувуудаас эхлээд хүн малын эрүүл мэндэд онцгой хохирол учирсаар л байна. Эхний удаад цианид алдахад болжмор  шувуу хоёр мянга гаруйд хүрч үхсэн гэх мэдээлэл бий. Мөн сүүлийн жилүүдэд Дөрвөлжин сумын ойролцоох хоёр нууранд шувууд олон тоогоор хорогдсон гэх мэдээллийг нутгийн иргэд өгөөд байгаа юм. Малчдын дунд малын хорогдол их болсон, малын гэдэс дотрын өнгө хав хар байдаг болсон сонин үзэгдлүүд гарах ажээ. Удаа дараа цианид алдсанаас болж, хөрсөнд химийн хортой бодисын нэвчилт үүсэх, ундны ус бохирдох аюулууд учрах эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Магадгүй их хэмжээний цианид ундны усанд уусчихсан бол Дөрвөлжин сумын нутгаар урсан өнгөрөх Завхан голоор дамжаад баруун таван аймгийн усны ай савд аюул нүүрлэж байгаа гэсэн үг.

Үхлийн аюултай цианид гэж юу вэ

Уул уурхайн салбарт алт ялгах технологид хэрэглэдэг Натрийн цианид /NaCN/  гэх энэхүү химийн бодис нь амьд буй бүхэнд асар их хор хөнөөлтэй гэнэ. Эндээс зөвхөн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх зарим мэдээллийг хүргэе.

Амьсгалын зам: Амьсгалын ферментүүдийн хориг үүсгэх замаар хүний биеийн эд эсийн төвшинд дараах сөрөг нөлөөг үүсгэдэг байна. Үүнд толгой эргэх, даралт ихсэх,  амьсгал гүнзгийрэх, зүрхний хэмнэл алдагдах, төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх, ухаан алдах шинж тэмдэг илэрч болдог гэнэ.

Хоол боловсруулах зам: Дотор эрхтэн түлэгдэх, хүчил төрөгчийн дутагдал үүсэх, зүрх судасны хурц хямралд орох, таталт өгөх шинж тэмдэг илэрдэг байна. Арьс салстын замаар: Арьсыг түлж, удаан эдгэдэг гүн шархлаа үүсгэнэ, нүд түлэгдэх, хүчтэй өвдөлт мэдрэгддэг аж. 

Цианидыг цаазлая 

Улс орныхоо экологийн тэнцвэрт байдал иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дэлхийн ихэнх оронд цианид натрийг ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл манай улсад алт олборлодог захын уурхай нь цианидыг ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь  “Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад хэргийн сайдын 2008 оны арванхоёрдугаар сарын 29-ний 92/90 хамтарсан” тушаалаар “Химийн хорт болон аюултай бодис экспортлох импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1, 2.5-д зааснаар натрийн цианидыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлд­вэрлэх, худалдахыг хориглосон байдаг. Гэвч цианидыг хэрэглэх тохиолдолд “Байгаль орчин аялал жуучлалын яам”-наас тусгай зөвшөөрөл аваад ашиглаж болно гэсэн журам байдаг нь Монгол Улс цианидыг хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй агаар нэг юм. Тиймээс хэн дуртай гаднын нэг компани Монголын газар нутгаас алт ухаж, цианид натри хэмээх химийн хорт бодисыг хайр найргүй байгаль орчинд цацаж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ бүхний тод жишээ болсон Завхан аймгийн Дөрвөлжин сумынхан цианид натрид “живж” дууслаа. Төр гэж байгаа бол, дагаж мөрддөг хууль гэж байгаа бол “Баян-айраг эксплорэйшн” ХХК-ийн даварсан үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон гэдгийг энэхүү сурвалжилгаараа дамжуулъя.

Эх сурвалж: Өглөөний сонин

С.Өлзийбаяр

7 сэтгэгдэл

  • Хариуцлага тооцоочоо эсвэл болиулах хэрэгтэй засаг дарга мэргэжлийн хяналтынхан ажлаан хийгээч

  • Хариуцлага тооцоочоо эсвэл болиулах хэрэгтэй засаг дарга мэргэжлийн хяналтынхан ажлаан хийгээч

  • Цианитын уусмалаар нутгийг хордуулаад барахгүй хэдэн тн ыг авчирдаг гэж бодож байна Энэ бол хязгааргүй их тоо шүү дээ Түүнийг их нууруудын хотгор нуур усаар элбэг Ховд аймгийн Чанадмань. Дөргөн сумын нутгаар Дөрвөлжин сумын нутаг Завхан голын сав нутгаар ЦИАНИТ гэдэг бодисыг тээвэрлэж байгаа нь эрсдэл юм даа Тэгээд улсын хилээр нэвтрүүлэхгүй .тээвэрлэх гүй гэдэг хуулийн заалтыг зөрчиж байгаа биздээ

  • Novsh gej xarsaar baigaad ingeed duusax ymuu 4iin 4 udaa gej bnashdee,dornodiin, darxanii xongor geel ,mongol xvnd manaixaas xol ym chine gej setexvid ne dandaa xamgiin tvrvvnd ne buuna,3sayxan xernee niilej negdej chadaxgvi ene kompaniig xuuj gargax xeregtei arbitart xandval xandanal biz ene uuruu buruutana.

  • eniig haaj chadahgui bgaa aimgiin zasag buyu meregjliin hynaltiin gazruud mon sanj mytaw gedeg aimgiin zasag dargaar ajilj baih hugatsaand 2udaa aldasan jamintiw aimgiin zasag baohad 1 udaa aldsan yuch hiij chadaaguil bdag bhgui yu

  • Хариуцлага тооцоод байх юмгүй ээ.Шууд хаагаад нөхөн сэргээлт хийлгээд зайлуулаач

  • Jaahan baragtsaatai bichij bai l daa. Iimerhuu chadvar muutai setguulchid salbaraa hutgalj shalan deer unagaj baigaa yum shtee

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа