Валютын ханш :

2020 оны 12 сарын 4, 5, Баасан гараг

Монголын оффшорчид

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу  оффшортой тэмцэх хууль батлагдаад дариу гурван жилийн хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь хуулийн үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Хэрэгжилт ямар байгаа талаар АТГ, хуулийн байгууллагынхан гав хийсэнгүй. 

Хууль батлагдах үед “Оффшортой нь илэрсэн УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан,  ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр нар нь дансаа хааж, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх үүрэг хүлээж байна. Эсвэл одоо байгаа албан тушаалаасаа нэн даруй огцрох ёстой” гэж хууль батлалцсан эрхмүүд тухайн үед хөөрцөглөж байлаа. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс оффорчдын хөрөнгийг хурааж, эх орондоо авчирна хэмээн зарлаж байсан ч ерөнхийлөгчийн үг “поп” амлалт байсан бололтой. УИХ-д, Монголын төрд оффшортой тэмцэх хүсэл зорилго алга. 

Панамын баримтаар оффшор компанитай Монголын 23 иргэн дотор улс төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа эрхмүүд, тэдний үр хүүхэд, ах дүү нар байгаа юм. Тэдний талаар товч мэдээллийг хүргэе. Мартагдсан энэ мэдээллийг олон нийтэд тогтмол сануулах хэрэгтэй билээ. 

С.Баяр

Британийн Виржини аралд АНУ-аас бүртгэлтэй оффшор компанийг эзэмшигч нь хоёр Монгол хүн байсан нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын хүүхдүүд юм. Баяр овогтой Нандин, Бадамханд нар нь Gold Wellen INC-д хувьцаа эзэмшдэг тодорхой болсон. С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч нараас авлига авсан, түүнийгээ хүүхдүүдийнхээ нэрээр оффшор дансанд байршуулсан гэж судлаачид таамаглаж буй нь үнэний ортой юм. С.Баяр нь Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаад эх орондоо ирээд байгаа билээ. 

С.Батболд 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг Бату Майнинг Лимитед компаниар дамжуулан Оффшор бүст хөрөнгөө байршуулсан гэж Панамын баримтаас үзэж байна. Тэрээр 2000 - 2004 онуудад Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан ба энэ үедээ Оффшор бүст бүртгүүлсэн байна. Сү.Батболд нь 2004 оноос хойш Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж иржээ. Түүний төрсөн ах Сүхбаатарын Бат-Очир нь мөн Оффшор бүст хөрөнгө байршуулсан нь ил болсон. Ах дүү хоёр эрхэм “Бороо Гоулд” ХХК болон “Энержи Ресурс” компанийн Ухаа худагийн ордоос олсон их хэмжээний хөрөнгөө нуусан, татвараас зайлс хийсэн байх магадлалтай ажээ. 

Б.Дэлгэрсайхан

Тэрээр УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна. Б.Дэлгэрсайхан нь "Дорнын говь” ХХК, "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч юм. “Болдтөмөр ерөө гол” компанидаа Хятад болон Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч татаж, төмрийн хүдэр экспортолж ихээхэн хэмжээний ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байдаг. Төмрийн хүдэр экспортлох явцдаа татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэж явсан юм. Тэрээр хөрөнгө оруулагч татаж байсан Их Британын Виржинийн арлын бүс нутагт оффшор компанитай нь анхаарал татаж байна. 

Д.Цогтбаатар

Тэрээр Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. Д.Цогтбаатар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Оффшор бүст компани байгуулах, санхүүгийн шилжүүлэг хийгдэж байх тэр үед Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын Гадаад бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байжээ. Оффшор бүст Монголоос бүртгэлтэй “Batu Mining Limited” компаниар дамжуулан тэрээр хөрөнгөө байршуулсан нь тогтоогдсон юм. 

Я.Очирсүх

Янсанжавын Очирсүх нь 1967 онд төрсөн. Төлөвлөгч –эдийн засагч, мэргэжилтэй. Тэрээр 1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байжээ. Түүнээс хойш хувийн бизнес хийх болсон байна. Их Британын Виржинийн аралд 2005 онд оффшор данс нээлгэсэн ба одоо хүртэл идэвхтэй ажиллаж байгаа ажээ. 

Б.Чулуудай

“Сонор” рекордс, “Грандлайн” компанийн захирал Э.Чулуудай нь оффшор бүст хэд хэдэн данс бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү. Түүнийг аавынхаа албан тушаалаар дамжуулан гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд хувийн компаниараа оролцож, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт буруутгагдаж байв. Түүнийг хуулийн байгууллага шалгаж, хэрэг нь шүүхийн шатанд шилжээд байна. 

Ж.Оюунгэрэл

Монголын бизнесменүүдээс “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл Оффшор бүст данстай нь ил болсон юм. Тэрээр “Бату Майнинг” компаниас Монгол Улсад бүртгэлтэй компанийн 10 000 орчим ам.долларын үнэ бүхий хувьцааг 2000 оны эхээр худалдаж авсан ч удалгүй бусдад борлуулж байжээ. Мөн Ж.Оюунгэрэл хатагтайн хувь эзэмшдэг “НИК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Давааням нь мөн оффшор бүст данс эзэмшдэг байна. 

Х.Бум-Эрдэнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ. Тэрээр 2006 – 2011 онуудад Санхүүгийн зохицуулах хороонд Хяналт шалгалтын хэлтэсийн дарга, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга, Үнэт цаасны газрын дарга, Ажлын албаны даргаар ажилласан байна. 2014 – 2016 онуудад СЗХ-ны дэд даргаар ажиллажээ. Тэрээр 2008 онд оффшор бүст бүртгүүлжээ. “Эрдэнэт зочид буудал”-ын эзэн, Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Даваагийн Батбаяртай хамтран оффшор бүст хэд хэдэн данстай юм байна.




3 сэтгэгдэл

  • УИХ-д, Монголын төрд оффшортой тэмцэх хүсэл зорилго алга. Чухам үнэн энэ. Иймд ард иргэд бид сонголтоо зөв хийх хэрэгтэй,

  • УИХ-д, Монголын төрд оффшортой тэмцэх хүсэл зорилго алга. Чухам үнэн энэ. Иймд ард иргэд бид сонголтоо зөв хийх хэрэгтэй,

  • Ийм хулгайч нарыг шоронд аваачиж хорих хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа